Б.Амарсайхан: “Бодлын хулгайч”-д тоглохын тулд жин хаясан


“Wisdom Film Production“-ны бүтээл, бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн “Бодлын хулгайч” бүрэн хэмжээний уран сайхны киноны нээлт энэ сарын 22-нд болж өнгөрсөн. Нэрнээсээ эхлээд л олны сонирхлыг татсан уг кинонд Монголын кино урлагийн лидерүүд ажилласан нь амжилтыг дагуулсан юм. Ерөнхий продюссероор А.Уянга, кино зохиолыг Төрмөнх, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж нар ажиллаж, гол дүр болох Гантулгад тоглосон жүжигчин Б.Амарсайхан дүрээ сайн амилуулжээ. “Би өөрийгөө бодлын хулгайч гэж бодож байсан нь үгүй юм байна. Би ө өрийнхөө бодлыг хулгайлсан, би өөрийнхөө амьдралыг хулгайлсан” хэмээх киноны төгсгөл хүмүүст ихэд таалагдсан юм. Ингээд “Бодлын хулгайч”-д тоглосон жүжигчин Б.Амарсайхантай ярилцлаа.

-“Бодлын хулгайч” киноны гол дүрийг бүтээсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Би үнэхээр баярлаж, хөөрсөн. Үзэгчид маань ч тодорхой хэмжээгээр үнэлж дүгнэж байна. Нэг жилийн хугацаанд хийж бүтээсэн нөр их ажлын маань үр дүн гарч байна. Киноны нээлт хийгээд, үзэгчдийн хүртээл болгосны дараа үнэлгээг нь авч байх тэр мөч бидний хамгийн их аз жаргалтай мөч байдаг.

-Гол дүрийн жүжигчний хувьд та ямар бодолтой байна?

-Энэ маань маш эмзэг сэдэв. Хэн нэгэн хүнийг дөвийлгөж гаргаж ирэхийг хүссэнгүй, бас хэн нэгэн хүнийг муулахыг хүссэнгүй, хэн нэгнийг дүгнэхийг бас хүссэнгүй. Тухайн үеийн нийгмийн байдлыг харуулахыг зорьсон. Өнөөдөр Монгол хүн, улс орон маань яаж хөгжих ёстой юм бэ. Хүн өөрийнхөө бодолд яаж үнэнч байх ёстой юм бэ. Ер нь аливаа хүн алдахад ямар амархан байдаг юм. Алдсанаа нөхөхөд ямар их цаг хугацаа, өч төчнөөн зүйлийг алддаг юм бэ. Жүжигчнийхээ хувьд миний зүгээс энэ санааг л хэлэхийг зорьсон. Бодит хүний түүхэн дүр учраас энэ кинонд ажиллахын тулд би өөр дээрээ бас ажиллах хэрэгтэй болсон, арав орчим кг жин хаясан. Тамирчин шиг биетэй байх шаардлагагүй байсан. Тийм учраас жилийн дотор бас бэлтгэлээ хаяад өөрийнхөө бие, жин дээр их ажилласан даа.

-Энэхүү киног хийх санааг өөрийг тань гаргасан гэж сонссон. Яагаад энэ сэдвийг барьж авах болсон юм бэ?

-Анх сайт дээр байсан мэдээллийг олж уншаад л кино зохиол болгоё гэж бодсон. Түүнээс хойш Гансүх ахтай уулзаж, дандаа хамт байсан. Энэ дүр дээрээ ажиллахад нэг их бэрхшээл байгаагүй. Учир нь хуулах дүр нь амьд байгаа учраас арай хялбар байсан гэж хэлмээр юм уу даа.

-Киноны эхний долоо хоногийн орлогыг буяны үйлсэд зарцуулна гэж байсан. Ямар ажилд зарцуулах гэж байна вэ?

-“Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн” нэртэй ТББ өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг хүмүүс мэдэж байгаа байх. Энэ өдрийг хүмүүс бие биедээ урам хайрлах, итгэл хэрэгтэй зүйлийг нь өгдөг өглөгийн сайхан сэтгэлийн өдөр байхаар зарласан. Өнгөрсөн жил бид 500 төгрөгийн хандивын аян зарлаж, үүнээс хуримталсан хандиваар их булчингийн хатангиршил гэдэг хүнд өвчнөөр өвчилсөн Удвал хэмээх бяцхан охиндоо тусалсан. Удвал охин маань Солонгос улсын Ёнсэй эмнэлэгт очиж эмчлүүлээд одоо эрүүл саруул өсөн бойжиж байна. Харин энэ удаа “Бодлын хулгайч” киноныхоо эхний долоо хоногийн орлогоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг 25 дугаар тусгай сургуульд том оврын автобусыг бэлэглэх гэж байна. Яагаад энэ автобусыг өгөхөөр болсон бэ гэвэл харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөхийн тулд заавал эцэг, эх нь байх ёстой. Тэгээд тэднийг бас автобусанд өргөж оруулах шаардлагатай байдаг юм билээ. Манай “Wisdom Film Production” 25 дугаар сургуулийн дэргэдэх байранд байрладаг байсан юм. Тэгээд тэдгээр хүүхдүүдийг өдөр болгон хардаг байлаа. Тэд үнэхээр хэцүү байдалтай байдаг. Тус сургууль уг нь микро автобустай байсан юм билээ. Тэр нь хуучраад хүүхэд зөөхөд хүндрэлтэй болсон гэх мэтчилэнгийн шалтгаанаар бид энэ сургуульд автобус өгч, эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдэд бага ч гэсэн тус болох зорилгоор энэ ажлыг хийж байгаа.

-Яг ямар автобус бэлэглэх вэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зөөдөг зориулалтын автобус байдаг юм билээ?

-Бид хоёр автобусыг санал болгосон. Тус сургуулийнхан өөрсдийнхөө хэрэгцээнд зориулаад автобусаа сонгоно. Сонгосон автобусыг нь авч өгнө. Хамгийн гол нь тааз нь өндөр байх ёстой юм билээ. Хүүхдүүдийг өргөж оруулдаг учраас ийм байх шаардлагатай гэсэн.

-Тун удахгүй буюу ирэх сарын 1-нд автобусаа хүлээлгэн өгнө. Мөн энэ жилийн “Өгөх өдөр”-ийн хүрээнд олон хүнд туслахаар болсон гэсэн. Өөр ямар хүнд туслах вэ?

-Бидэнд өнгөрсөн жил хандаж байсан Баттөр гэдэг залууд туслах гэж байна. Баттөр маань бөөрний дутагдалд орж, одоо эмчилгээнд явах шаардлагатай байгаа. Тийм учраас цэл залуухан энэ залууд туслахаар болсон. Бид зөвхөн дээрх хүмүүст туслаад зогсохгүй хүн бүхэнд хандаж уриалга гаргасан. Бид ирээдүйгээ хайрлаж байна гэдэг эх орноо хайрлаж байгаагийн илрэл юм. Хамгийн гол нь хүнд туслахад зориулсан сэтгэл бүхэн өгөх өдрийн бэлэг гэж хэлж болно. Жаахан ч гэсэн инээмсэглэл бэлэглэхэд тухайн хүний сэтгэл сэргэж, урам дэм болно. Ер нь Үндэсний өгөх өдрийг тэмдэглэдэг улс бараг байдаггүй юм билээ. Тийм болохоор манай монголчууд энэ өдрийг тэмдэглэж, үндэсний өдрөө болгон ядарсан зовсон нэгэндээ туслах нь сайн сайхан ирээдүйн эхлэл юм болов уу гэж бодож байна. За тэгээд энэ сайхан үйлсийг дэмжиж Монголын томоохон компаниуд болон дуучин Сэрчмаа, Номин, хүний эрхийн хуульч Ичинноров, “Wisdom Film Production“-ы хамт олон, “Бодлын хулгайч” киноны групп гээд маш олон байгууллага, хувь хүмүүс нэгдэж байна.

-Өгөх өдрийн хүрээнд сурагчдад өглөгийн талаархи ойлголтыг олгоно гэж байсан. Энэ ажлыг хэрхэн хийх гэж байна вэ?

-“Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ынхаа сүлд дууг бүтээх гэж байна. Дуучин Сэрчмаа, Номин нар “Урам хайрла” гэдэг алдарт шүлгийг дуу болгон амилуулах гэж байна. Мөн БСШУЯ-тай хамтран ирэх сарын 1-нд бүх сургуулиудын хичээлийн эхний цагийг өглөгийн талаар хичээл заахаар удирдамж хүргүүлээд байгаа. Монголчууд бид зөвхөн бусдаас авдаг биш, бие биедээ өглөгийн гараа сунгадаг, тусламж хэрэгтэй нэгэндээ хэзээд туслахад бэлэн байдаг сэтгэлгээг, соёлыг төлөвшүүлэхэд энэ хөдөлгөөн чухал хувь нэмрээ үзүүлнэ гэж бодож байгаа. Ингээд өөрсдийнхөө чадах зүйлээр нэг нэгэндээ урам хайрлая, итгэл бэлэглэе, өгье. 


Э.Мөнх

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин


0 Сэтгэгдэл: