Монгол эгшиг

Уянгат сайхан хөгжимгүйгээр энэ хорвоог төсөөлхөд хүнд. Ялангуяа Монгол хүмүүс улам бүр хамаатай юм шиг...
Уужим сайхан талдаа уртын дуугаа дуулж, морин хуураараа дэлхийг уярааж яваа ард түмэн. Тухайн үедээ дэлхийг тэргүүлж яваа орны соёлын нөлөө бүх оронд тархдаг нь ёс болсон. Үүнээс бид хоцрох ч ёсгүй улам сайн хөгжүүлж авах ёстой гэхдээ үүн дээрээс уламжлалт соёлоо хаяж үрэгдүүлж бүр ч болохгүй ...
Үүнд дээр ажиллаж азийн хоёр том орон болох Япон, Солонгос өөрийн гэсэн бренд урсгалтай болсон. KPOP, JPOP
Монголд MPOP гэж дуучин Болд хөгжүүлэх гэж оролдож байгаа нь саашайлтай.
Үүгээрээ юу хэлэх гэж ядаад байна вэ гэхээр үндэсний хөгжим соёлд суурилсан хөгжим соёлоо арай орхигдуулаад байгаа юм шиг санагддаг. Ethnic буюу язгуур урлагт суурилсан хөгмийг залуус бид ойлгож хүлээж авах нь тун ховор. Тиймээс өөрийн багахан хэмжээнд мэдэж, ойлгож, сонссон язгуур урлагийн талаар бичхээр шийдлээ.
Язгуур урлагт юу багтах вэ ?
Хөөмйй
Хөөмий нь Нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшиг юм. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Уг гарал нь Ховдын Чандмань сумаас үүссэн түүхтэй. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг. Хөөмийг бас тува хөөмий монгол хөөмий гэж ялгах бөгөөд Тува хөөмий нь монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй аж. Монгол хөөмийн 4 төрөл байх ба энэ нь хархираа хөөмий буюу цээжний гүнээс түрэн гарах авиа, исгэрээ буюу амны хөндийнөөс гарах авиа, Нармай хөөмий буюу хамраар гаргах авиа, шахай хөөмий буюу хоолой шахаж гүнээс гарах авиа зэрэг болно. Зарим судлаачид хөөмийн 5 төрөл байна гэж үздэг ба энэ нь нутаг нутгаасаа хамаарч байгаа бололтой. Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай.
Бий биелгээ

Биелгээ монголчуудын өөрсдийн аж амьдралаас үүсэн бий болсон гэж үздэг. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг.  Жишээ нь цайныхаа дээж цацалыг уул усандаа өргөх, юм оёх,  тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морьны явдал зэргээр биелдэг . Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог.
Битүү амьсгаа
Битүү амьсгаа нь монгол лимбэчид уртын дуу хөгжимдөхөд хэрэглэдэг амьсгаа юм
Монгол лимбэчид битүү амьсгаагаар хөгжимдөхдөө хацрын хөдөлгөөн оролцуулдаггүй бөгөөд хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаануудыг хооронд нь холбож чаддаг. Өөрөөр хэлбэл нэгэнт авсан амьсгаагаар үлээх зуур амны хөндийд байгаа хийг хэлээр шахан даралт үүсгэж түүгээрээ эгшгээ үргэлжлүүлэн дуугаргах явцад хамраар амьсгаа авна. Чухам яг энэ агшинд амны хөндийд буй эгшиг дуугаргаж байгаа хийн даралтын хэмжээг зохих түвшинд хадгалах замаар хамраар авсан амьсгаатайгаа холбодог. Энэ нь огт тасалдалгүй үйлдэл болох бөгөөд хөгжимчнөөс өндөр ур чадвар шаарддаг.
Шуранхай
Шуранхайлах гэдэг нь аялгууг хоолой, цээж, гэдэсний булчингийн цохилтоор чичирхийлүүлэн дуудахыг хэлдэг. Уртын дуучдын ур чадвар, тэдний авъяас, бие физиологийн онцлог, уртын дуу анх сурсан арга барилаас шалтгаалан шуранхайг янз бүрээр хийдэг. Жишээ нь Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон ардын жүжигчин, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Норовбанзад гуай энэ гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэлцдэг. Шуранхайд амьсгаа тун чухал үүрэгтэй. Амьсгаа хүрэхгүй хүн уртаар шуранхайлан дуулж чадахгүй. Амьсгалыг гурван янзаар авдаг гэдэг. Манай дуучид ихэвчлэн цээжнээсээ амьсгаа авдаг. Дуурийн дуучид голцуу гэдэснээс амьсгаа аьдаг бол Норовбанзад гуайг бүр бүдүүн гэдэсний угаасаа амьсгаагаа авдаг учраас амьсгал дутдаггүй гэж ахмад морин хуурч Балжир хэлдэг байлаа. Тиймээс дээрх гурван аргаар шуранхайлж чаддаг байжээ. Хэнтийн дуучин Монгол улсын ардын жүжигчин Шархүүхэн цээжний цохилгоор шуранхайлдаг бөгөөд хажууд нь хуурдаж суухад цээжнийх нь цохилгонд хуурын аялгуу дарагдаад дагаж тоглоход их ур чадвар шаарддаг байсан гэдэг. Ихэнх уртын дуучид хоолойн цохилгыг сайн хийдэг.
Уртын дуу

Монгол ардын уртын дуу бол монгол ардын дууны сонгодог хэлбэр даруй мөн бөгөөд дэлхий дахинд ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин, чухам Монголын урлал юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр сайхан нугалаатай, уянга төгөлдөр олон янзын гоёмсог эгшиг чимэгтэй, хүний сэтгэлийг хөдөлгөн догдлуулам хөгжүүн бадрангуй сайхан аялгуу нь оргилон дээшилж, нарийсан нарийссаар "шуранхайлах", тэгснээ аргилан доошилж бүдүүсэн бүдүүсэхдээ зүйл зүйлийн хачин хөөрхөн нугалаа хугалаа, хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн "шигших" зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиг-лэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх халуун эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ.
Уртын дууны тэр бүхий гайхамшиг "ид шидийг" утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүд-нээс нягтлан нуталбаас зохистой билээ.Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардынуртын дуу маш баялагхэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг “айзангийн гучин хоёр, хангайн найм" гэж ялган хувааж ярилцдаг байсан. "Айзангийн гэдэг нь "Аяа, зээ хө" гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг.
  Уртын дууны гуравдахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр
займрал их байдаг. 
Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө
орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.
Энэ бол язгуур урлагийн анхан шатны ерөнхий ойлголт. Бид бүгдэд ийм баялаг соёл урлаг байгаа үүнийг алдаршуулж бахархах тал дээр маруухан юм. Өөрсдийн зүрх сэтгэлээрэй зүтгэж яваа Монгол язгуур урлагийн хэдэн хамтлаг байдаг бөгөөд товчхон танилцуулга хийе. Тэд саяхан нэгдэж Монгол Мөхөшгүй тоглолтонд оролцоход нь www.urlag.mn сайт ярилцлага авсан байна.

  
"Арга билэг" хамтлагийн ахлагч Г.Гантулга: "Манай хамтлаг анх 2009 онд байгуулагдсан. Гурван морин хуурч, нэг ятгачин, төгөлдөр хуур, хоёр цохилуур хөгжимчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн тоглодог урсгал бол үндэсний хөгжмөө ашиглаж этно жадз хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг. Мэдээж хэрэг цэвэр үндэсний чиглэлээрээ тоглодог. Өнөөг хүртэл манай хамтлаг "Дээлт", "Дэв" гэсэн хоёр цомог гаргасан. Бид Өмнөд Солонгос, Япон, Герман, Орос, Франц, Хятад, АНУ-д тоглож байсан юм. Хамгийн сүүлд Японы Шизүока мужид болсон тоглолт дээр очиж өөрсдийнхөө уран бүтээлийг хүргэж мөн Монголынхоо өвийг сурталчлаад ирсэн. Харин Улаанбаатар хотод өнгөрсөн оны гуравдугаар сард Улсын Филармонид хоёр өдрийн турш тоглолтоо үзэгч олондоо хүргэсэн.  
   Үндэснийхээ урлагийн хэв маягийг ерөнхийдөө жадз хөгжимтэй хослуулж шинэ төрлийг гаргаж ирэн үзэгчдийн хүртээл болгож байна. "Монгол Мөхөшгүй" тоглолтод манай хамтлаг гуравдахь жилдээ оролцох гэж байна. Сосорбарам найруулагчийг анх урихад нь бид маш баяртай хүлээж авсан. Энэ жилийн тоглолтод "Монгол Бадарчин", "Талын таван толгой" гэсэн уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барина. Жил болгоны Цагаан сараар уламжлал болдог болчихлоо. Миний бодлоор бол наадмаараа бас тоглож байвал их сайхан санагдаж байна. 
    
"Жонон" хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил:"Манай хамтлаг анх 2006 онд байгуулагдсан. Одоо найман хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж байна. Үндэсний хөгжмөө орчин үеийн хэлбэрлүү оруулж сонсогчдодоо бүтээлээ хүргэхийг зорьж яваа. Ер нь бид эхлээд өөрсдөдөө таалагдсан бүтээлээ тоглож үзэгчдэдээ хүргэдэг л дээ. Тэгээд үндэсний урлагийн онцлог, давуу талуудыг илүү харуулахын тулд тоглодог юм. Бид 7 жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Саяхан 2012 онд тоглосон "Зөн" тоглолтынхоо DVD-г гаргасан байгаа.

   Үндэсний хөгжмийн хөгжлийг тодорхойлсон тоглолт гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Есөн өөр характер, бүгд дэлхийд тамгалагдсан хамтлагуудын уран бүтээл нэг дор эгшиглэнэ. Манай хамтлаг гурав дахь удаагаа “Монгол Мөхөшгүй” тоглолтод уригдан оролцох гэж байгаадаа маш их баяртай байна. Со ахын найруулга үнэхээр өвөрмөц сэтгэл хөдөлгөм болдог. Үндэсний хөгжмөө сурсан уран бүтээлч бидний аархал яг энэ тоглолтын үеэр гарч чаддаг тул манай хамтлагийн хувьд эртнээс энэ тоглолтдоо бэлтгэж өндөр түвшинд тоглохыг зорьдог доо. Энэ сарын 21,22,23-нд хүрэлцэн ирж бидний язгуур хөгжмийн аархалыг, тоглолтын онцлогыг хараарай гэж үзэгч түмэндээ хэлье.
  
"Домог" хамтлагийн ахлагч Б.Бат-Орших: "Юуны өмнө энэ өдрийн мэндийг нийт Монголчууддаа хүргье. “Домог” хамтлаг 2006 онд буюу Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн түүхт ойгоор  байгуулагдсан. Мэргэжлийн цохивор хөгжим дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй 8 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. "Монгол мөхөшгүй" тоглолт тун удахгүй шинэ найруулгаар тоглогдох гэж байна. Энэ бол Монгол түмний маань өвлөгдөж ирсэн өв уламжлалыг орчин үеийн хэмнэлээр тоглож байгаа 9 хамтлагаас бүрдсэн тоглолт юм. Тоглолтод оролцож байгаа хамтлаг болгон өөрийн өнгө аястай. "Монгол мөхөшгүй" тоглолтын гол онцлог нь зөвхөн Монголд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа хамтлагууд урилгаар ирж тоглолтод оролцож байгаагаараа онцлог байгаа. Урьд нь "Монгол", "Монгол Төгсөшгүй" гэсэн тоглолтоо хийж байсан юм. Эхний тоглолтод таван хамтлаг оролцож байсан бол хоёр дахь тоглолтод долоон хамтлаг оролцсон. Харин энэ жил бол есөн хамтлаг оролцоно. Энэ удаагийн тоглолтыг ч мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ивээлдээ авахаа бидэнд дуулгахад сэтгэлд сайхан байсан шүү.  

    
"Тэнгэр аялгуу" хамтлагийн ахлагч Бадарч: "Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хамтлагийнхаа тухай товч өгүүлэхэд анх 1997 онд байгуулагдсан. Одоо 17 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Байгуулагдсан цагаасаа хойш зөвхөн ардынхаа уламжлалт урлагийг алтан үеийн багш нарынхаа тавьсан арга барилаар хөгжүүлж уран бүтээлээ сонсогч, үзэгч олондоо хүргэдэг. Хамтлагийн амжилт гэвэл, 2002 онд анх зохион байгуулагдсан Үндэсний цөөхүүл хөгжимчдийн анхдугаар уралдаанд гуравдугаар байр, Хойд Солонгосын хаврын баяраас Мөнгөн цом, 2006 онд Азийн шилдэг хамтлаг болсон гээд гаргасан амжилтууд нилээдгүй бий. Мөн 2008 онд зохион байгуулагдсан Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаанаас Мөнхсүрэн, Жигмэддорж нар тэргүүн байрыг эзэлсэн. Морин хуурчдын улсын уралдаанаас морин хуурч Тэмүүжин тэргүүн байрын шагналтай хөгжимчид ажиллаж байна даа".
   "Монгол Мөхөшгүй" тоглолтод орох болсондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо энэ тоглолтод 2 дахь жилдээ оролцох гэж байна. Сосорбарам найруулагчийн бидний хэдэн хамтлагуудийг нэгтгэх тэр торгон мэдрэмж нь гайхалтай санагдсан. Яг л Чингис хаан ингэж л тархай бутархай байсан овог аймгийг нэгтгэсэн болуу гэж бодохоор бидний энэ нэгтгэл манай хамтлагт бахархал төрүүлдэг. Цаашид ч  ардын урлагийг хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэнэ. Бүх хамтлагийнхан холбоо үүсгэчихсэн учраас цаашаа үргэлжлээд явах байх явах ч ёстой гэж ойлгож байгаа. Манай хамтлагийн хувьд энэ удаагийн тоглолтод хоёр бүтээлээ тавина. Нэг нь сонгодог бүтээл байх болно. Хоёрдахь нь хөгжмийн зохиолч Шарав гуайн бүтээлийг толиулах гээд бэлтгэлээ хийж байна".
    
"Алтан ураг" хамтлагийн хөгжимчин Гангаа:"Алтан ураг хамтлаг анх 2004 онд байгуулагдсан. Өнөөг хүртэл туурвисан уран бүтээл гэвэл, 7 CD гаргасан амжилттай. Хамгийн сүүлд "BEST OF ALTAN URAG" тоглолтоо СТӨ-нд тоглосон. Тун удахгүй Тайван, Мексик, Франц улсад тоглох маршруттай байна. Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой тохиож байна. Ойгоо тохиолдуулан Монголын түүхэн сэдэвтэй бүтээл хийх санаа бий.

   Манай хамтлаг өмнөх хоёр тоглолтод оролцож байсан. Энэ жилийн есөн хамтлагийн тоглолт дээрээ "Сархад", "Хавцал" гэсэн хоёр зохиол шинээр хийж "Монгол Мөхөшгүй" тоглолтоо эгшиглүүлэх юм. Арай жоохон хүндрүүлж металь талруу нь оруулж тоглоно. Энэхүү тоглолтоо оролцоход сэтгэгдэл маш өндөр байдаг. Монголын ард түмний урлагийг дэлхий дахинд сурталчилж байгаа. Тэр дундаа Монголынхоо залуучуудад хүргэх гэж байгаа энэ тоглолтуудыг бид дэмжсээр ирсэн. Анх таван хамтлагийн тоглолт болж байсан юм. Үүнээс эхлээд л сэтгэл хөдлөл маш дээд цэгтээ хүрч оролцсоор байгаа одоо ч тийм байна. Бид уран бүтээлээ рок чиглэлээр тоглодог. Одоо харин стиль жанр нь полк рок, металь жанр руугаа орж байгаа. Гэхдээ бидний нийгэмд өгмөөр байгаа санаа нь ардын урлагаар ямар ч хөгжмийг тоглож болно гэдгийг үзүүлэхийг зорьсон. Энэ санаагаараа одоог хүртэл уран бүтээлээ хүргэж байна.
  
"Хөсөгтөн" хамтлагийн хөөмэйч, морин хуурч О.Чулуунбаатар "Сайн байцгаана уу? Хөсөгтөн хамтлаг албан ёсоор 2009 онд байгуулагдаж уран бүтээлээ өнөөг хүртэл туурвиж байна. Одоогийн байдлаар хоёрдахь CD-ийнхээ ажилд орсон. Бид гадаадын улс орнуудад ихэвчлэн бие даасан уран бүтээлээ хийдэг. Жишээлбэл, Английн алдарт Роял Холл буюу Английн хатан хааны театрт тоглолтоо хийж байсан. Мөн Малайзад болдог Олон улын хөгжмийн фестивальд анх бүрэн хэмжээний тайлан тоглолтоо хийсэн. Түүнчлэн Тайван, Бээжин, Швэд зэрэг олон орнуудаар аялан тоглолтоо хүргэж байлаа. Одоогоос 2012 онд анх МУГЖ Д.Сосорбарам ахын санаачлагаар таван хамтлаг тайзан дээр хамтарсан тоглолтоо хийсэн. Түүний дараа жил долоон хамтлаг болсон юм. Энэ жилийн тоглолтод есөн хамтлаг болж өргөжсөнд маш их баяртай байна. Жишээлбэл, Германаас "Эгшиглэн" гээд алдартай хамтлаг урилгаар оролцоно. Мөн шинэ залуу хамтлагууд гарч ирсэн. Тухайлбал, Улаанбаатар чуулгын "Их Монгол" хамтлаг. Жил болгоны тоглолтод дээр шинэ уран бүтээл хүргэхийг зорьдог. Энэ удаагийн тоглолтод их том хэмжээний мөн хөгжим, хөөмэй ардын язгуур гэсэн бүхий л хөгжмөөс бүрдсэн аялгууг багтаасан том хэмжээний уран бүтээлийг хийгээд явж байна.

   Бидний баримталдаг бодлого бол Монголынхоо Ардын язгуур өв уламжлал болсон зөндөө сайхан хөгжмийн зэмсэг, ардын дуугаа мартагдуулахгүйн тулд сэргээж одоогийн залуучуудад  орчин цагийн өнгө аясаар уран бүтээлээ хүргэхийг зорьж ажиллаж байгаа. Манай хамтлаг шинэ хоёр зүйлийг гаргаж ирсэн. Энэ нь юу гэвэл, хөөмэйгөөр олон хоолойн дуугаралт, төмөр хуурын ансамблийг анх гаргаж ирлээ. Үүндээ бид нар их сэтгэл хангалуун байна даа.
  
“Эгшиглэн” хамтлагийн ахлагч М.Түмэнбаяр: “1991 онд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүд нийлж хамтлагаа анх байгуулж байсан. Эхлээд “Монгол залуу” нийгэмлэг, “Морин эрдэнэ” чуулга гэж байсан. Дараа нь үйлдвэрчний соёлын төв ордонд 1992 онд орж ажилласан юм. Тэгээд 1993 онд морин хуурын дөрвөлөөрөө Европын 12 орноор аялан тоглолт хийсэн. ЮНЕСКО-гийн Олон улсын баярын наадамд оролцсон. Үүнээс хойш Герман улсад ажиллаж өнөөдрийг хүртэл 20 жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж байна.
   Монголынхоо ардын урлагийг дэлхийн улс орнуудаар сурталчилж явна. Манай хамтлаг нь хоёр морин хуурч, ёочин, нэг эх хуур, бөмбөрчин, хөөмэйч, бүжигчин гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй. Бие даасан “Цацал”, “Гэрэг”, “Говь”, “Монгол ардын аялгуунууд”, “Эгшиглэн” гэсэн таван CD гаргасан. Мөн бусад хамтлагтай хамтарсан таван CD гаргасан даа. Саяхан хамтлагийнхан маань Франц, Итали улсуудад тоглолтоо хийсэн. Би түрүүлээд Монголдоо ирчихсэн байгаа юм. Манай хамтлагийнхан энэ сарын 17-нд Монголдоо ирнэ.
   “Монгол Мөхөшгүй” тоглолтод урилгаар тоглохоор болсондоо маш их баяртай байна. Ардын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад том ажил хийж байгаа Сосорбарам гавьяатдаа маш их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлье. Бидний зардлыг даана эх орондоо ирж тоголно уу гэсэн урилгыг анх сонсоод сэтгэлд дулаахан сайхан байсан.
Хэдийгээр эх орондоо байлгүй олон жил өнгөрсөн ч биднийг дуудах эх оронтой юм байна гэж бодохоос цээжний угаас баярлаж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү тоглолт маань зохион байгуулагдаж байгаа гэсэн. Үнэхээр үндэсний урлагаа дээдэлдэг ардчилсан ерөнхийлөгчтэй, энэ цаг үед уран бүтээл туурвиж буйдаа маш их баяртай байна. Мөн зохион байгуулж буй ар талын хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж байна. Хамтарч тоглох гэж байгаа дүү нартаа амжилт хүсье. Залуу хамтлагууд маань бидний дүү нар л гэсэн үг шүү дээ. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд монгол түмнийгээ уръя даа.  
"Их Монгол" хамтлагийн ахлагч Эрхэмбаяр: "Манай хамтлаг 2012 онд анх байгуулагдаад хоёр дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Өнгөрсөн онд анхны бие даасан CD-ийгээ гаргасан. "Монгол Мөхөшгүй" тоглолтод ес дэхь хамтлаг болж орж байгаадаа баяртай байна. Язгуур урлагаа Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад сурталчлан таниулах эрхэм зорилготой. Энэ тоглолтод оролцож байгаа есөн хамтлаг бүгдээрээ гадаадын улс орнуудаар явж бие даасан уран бүтээлээ тоглолтоо хийсэн хамтлагууд юм. Манай хамтлагийн хувьд Хятад, Солонгос зэрэг орнуудад тоглож Монголынхоо язгуур урлагийнхаа нүүр царайг авч явж байгаа. Ингээд эрхэм үзэгчдийгээ хүрэлцэн ирж ардын урлагийнхаа гайхамшгийг мэдрэхийг урьж байна.

"Алтайн Оргил" хамтлагийн ахлагч Б.Давааням:"Манай хамтлаг 1993 оноос эхлэн Монголынхоо болон гадаадын улс орнуудад таниулан сурталчлах зорилготой. Байгуулагдсан цагаасаа хойш гадаадын улс орнуудаар аялан тоглолтоо хийсээр байгаа. Аливаа ардын язгуур урлаг гэдэг бол тухайн улс үндэстний агуу сайхан баялаг, өв уламжлал. Тэр тусмаа Монголын ардын язгуур урлаг бол агуу уран бүтээл юм. Тэгээд энэ сайхан залуучуудтай хамтарч тоглох гэж байгаадаа баяртай байна. Биднийг энэ жил нэгдэх урилга ирүүлсэн найруулагчийн багт баярлалаа гэж хэлье.

Энэ бүх ярилцалганаас анзаарч байхад тэд бүгд гадаад оронд Монголын нэр хүндийг өргөж яваа хамтлаг гэдэг тодхон байна. Ийм атал Монгол дахь нөлөө хэр билээ. Цөөнхи гэдэг шиг л тоотой хэдхэн хүмүүс л шимтэн сонсож байна. Монгол залуус яагаад үндэсний дуу бүжгээ сонирхохгүй байна вэ ??? Дэндүү их соёлын довтолгоонд хэт автсанд, дээрээс нь маркетинг буюу сурталчилж олон нийт дунд түгээх явдал бага. Туйлшрах дуртай хүмүүст үүнийг хийхэд амархан л байдаг. Үүний нэг илрэл бол www.google.com ороод “Altan Urag” гэж хайвал эхний хоёр хуудсанд монгол хэл дээрх ямар ч сайт байхгүйг анзаарч болно. Энэ юуг илэрхийлж байна вэ гэвэл бид язгуур урлагаа тоохгүй гадны урлагийг тахин шүтэж байхад бусад улс үндэстнүүд манай урлагт дурлаж байна гэх хамгийн утгагүй ч зөв гаргалгааг гаргаж байгаа юм. 
Монгол нэр доорх урлаг
Үндэсний язгуур урлаг гэдэг бол зөвхөн халх монголчууд, Орос Хятад хоёр улсын дунд байгаа Монгол гэж нэртэй улсын өмч биш юм. Монгол гэж нэрэн дор харьяалагдаж явсан, харьяалагдаж яваа, харьяалагдаж явах үндэстнүүдийн өмч өв соёл гэж боддог юм.
Миний олж мэдэж байгаагаар саяхан манайд ирж тоглосон Оросын Тува үндэстэн Сайнко, Монгол, Хятад, Төвд хэлээр уран бүтээлээ хийдэг Хаяа (Haya) хамтлаг байгаа юм.

Сайнко Тувагийн үндэсний хөгжмийг орчин үеийн жааз, электро хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг Тувад төдийгүй дэлхийн олон оронд өвөрмөц уран бүтээлүүдээрээ танил болсон дуучин. тува фолк хөгжим, экспериментал жааз, рэгги, соул, электроника хөгжмийг шингээсэн бүтээлийг ямар нэгэн нэршилд оруулах боломжгүй гэж хөгжим сонирхогчид үздэг.

Сайнко нь хөөмий, морин хуур, ардын хөгжмийг дэлхийн урлагийн ертөнцөд таниулж байгаа ховорхон уран бүтээлчдийн нэг. Тэрээр Сибирийн аяз, бөө мөргөлийн тамлагатай төстэй дуу, шувуу, борооны чимээ, маани хөгжөөх дууг хөгжимтэй хоршуулан хүргэдэг. Тэрэээр ОХУ-ын ардын жүжигчин төдийгүй “ВВС”-гээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 эмэгтэй дуучдын жагсаалтад багтсан юм. Түүнийг тодотгох нэг өнгө нь өрнө хийгээд дорнын хөгжмийг гайхалтай хоршуулсан нь хамгийн сонирхолтой уран бүтээлч болгодог.

Хаяа хамтлагийн гоцлол дуучин Daqing Tana буюу Дайчинтана олонд ихээхэн танигдсан юм. Тэрээр (БНХАУ)-ын Хөхнуур мужийн монгол төвд хоёр үндэстэн өөртөө засах Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн. Тайжнар отгийн Авгас овогтой монгол хүн юм. Хамтлагт гүйцэтгэх үүрэг нь гоцлол дуучин, бүжигчин.


Түүний Silent sky нэртэй дуу нь дээр дурьдсан нэрт дуучин Сайнко –н Old Melodie дууны ковер дуу юм. Гэхдээ ялгарах зүйл нь дууны үгс нь өөр.

Хамтлагийн хамгийн сонирхолтой гишүүн нь Баатар буюу Эрик юм. Тэрээр франц хүн бөгөөд аргил гитарчний үүргийг гүйцэтгэдэг.
Хаа холын Франц хүн монгол үндэстний дээл хувцас өмсөн үндэстний хөгжмийн хамтлагт тоглож байгаа нь бахархууштай... Бид нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь болсон ....



1 Сэтгэгдэл:

yondoo said...

Санал нэг байна, гайхалтай бичжээ